Эрчүүд хайр дурлал бус, нөхөрлөлөөсөө илүү их сэтгэл ханамж авдаг

Залуу эрчүүд эсрэг хүйстнээ сонирхогч бусад эрчүүдтэйгээ үүсгэсэн дотно нөхөрлөл нь эмэгтэй хүнтэй үүсгэсэн дотно харилцаа, үерхлээс нь илүү сэтгэл ханамж өгдөг тухай саяхан Sage Journals сайтад нийтлэгдсэн судалгаа дурдсан байна.

Энэ тухай олж мэдэхийн тулд судлаачид коллежийн 2-р курсэд суралцдаг, өмнө нь хүнтэй үерхэж байсан, эсвэл үерхэж байгаа, эсрэг хүйстнээ сонирхогч 30 эрэгтэй оюутныг хамруулжээ. Тэдгээр залуус дор хаяж нэг удаа найзуудтайгаа нууцаа ярилцаж, тэврэлдэж, нэгнийхээ хувьд хэр эрхэм хүмүүс болохоо дурдан "сэтгэлээ илчилж" үзсэн хүмүүс аж.

Судалгааны үр дүнд залуус дотны найзтайгаа байхдаа найз бүсгүйтэйгээ хамт байснаас илүү сэтгэл тайван байдгаа хүлээн зөвшөөрчээ. 

"Найз маань намайг эмэгтэй поп дуучдыг сонсдогийг мэднэ. Харин найз бүсгүй маань энэ тухай үг хаяж магадгүй учраас хэлдэггүй. Түүний дэргэд илүү эршүүд байх хэрэгтэй мэт санагддаг."

Залуус мөн сэтгэл зүйн цочрол (эмээ, өвөө өөд болох), мэдрэмжүүдээ ярилцах, эрүүл мэндийн нууц асуудлуудаа эрэгтэй найзтайгаа ярилцах нь илүү амар байсан тухай дурджээ. 30 оролцогчийн 28 нь хувийн асуудлуудаа найз бүсгүйгээсээ илүү дотно андтайгаа ярилцахыг илүүд үздэгээ хэлсэн байна.

Судлаачдын дүгнэснээр залуусын хувьд:

Нөхөрлөл нь үерхлээс нь илүү сэтгэлд амар, сэтгэл хангалуун байлгадаг байна.

Нөхөрлөл, үерхэл хоёрын ялгааг тайлбарлана уу гэсэн асуултанд нэгэн оролцогч сайтар бодолцож үзэх 3 хүчин зүйл байдгийг дурдсан байна: Бэлгийн харилцаа, сэтгэл зүйн холбоо, хувийн зан араншин. "Нөхөрлөлд сүүлийн хоёр нь байх хэрэгтэй бол үерхэлд гурвуул байх шаардлагатай" гэжээ.

This site is protected by wp-copyrightpro.com