Сэтгэл хөдөлгөж, нулимс асгаруулсан кино үзсэний дараа сэтгэл хөнгөрөөд нэг л сайхан болж байсан уу? Тэр бол уйлахын давуу тал.

Япончууд ажилчид, сурагч, оюутнуудыг идэвхитэй уйлж сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж байхыг уриалж байна.

ЕБС-н багшаар ажилладаг байсан, “нулимсны багш” Ёшида Хидэфүмигийн зөвлөснөөр “уйлах нь инээх, унтахаас илүүтэйгээр стрессийг тайлдаг ба 7 хоногт 1 удаа уйлж байвал стрессгүй амьдрах боломжтой” гэнэ.

Хүний бие 3 төрлийн нулимс гаргадаг. Бие гэмтэж, шархалж, зовиурлахад, нүдийг чийглэхийн тулд мөн сэтгэл хөдөлсөн үед.

Сэтгэл хөдлөлөөс үүдсэн нулимс нь стрессийн гормон агуулдаг ба уйлснаар биеэс гадагшилдаг.

Уйлснаар амьсгал удааширч, бие тайвшран, аз жаргалын эндорпин тархинаас ялгардаг нь нотлогдсон байна.

Ниппон Анагаахын Сургуулийн профессор Үмихара Жүнкогийн тодорхойлсноор “уйлах нь стресс хуримтлагдахын эсрэг авч буй биеэ хамгаалах арга хэмжээ” гэнэ.

Миннеполисын Рамсэй анагаах төвийн доктор Вильям Фрэй “Нийгэм эрчүүдийн уйлж болохгүй гэж номлодог. Уйлснаар стрессийн үр нөлөө багасдаг бол уйлахгүй тэвчсэнээр стресстэй холбоотой эмгэгүүд үүсэх магадлал ихэснэ” гэжээ.

Сэтгэлээ онгойлгож, өөрийгөө аврахын тулд уйлах нь зөв бололтой.