Бяцхан охиныхоо ирээдүйн нөхрийн тухай бичсэн аавын захидал

Нэгэн аавын охиноо ирээдүйд уншиг гэж бичсэн захидлыг хөрвүүлэн хүргэж байна.

Зургийн эх сурвалж: Pascal Campion Art

"Хонгор охин минь.

Саяхан аав нь интернэтээс юм уншиж яваад "Өөрийн залуугаа хэрхэн уйдаахгүй байх вэ?" гэсэн нийтлэл харлаа.

Сонирхол хөдлөөд үргэлжлүүлэн унштал хэрхэн тачаангуй байх, залуугийнхаа сэтгэлийг шар айраг, хоолоор хэрхэн татаж өөрийгөө сонирхолтой байлгах тухай тоо томшгүй олон нийтлэл уншив.

Тэгээд уур хүрлээ.

Бяцхан охин минь, өөрийн залууг уйдаахгүй байлгах нь хэзээ ч чиний үүрэг байх ёсгүй.

Зүрх сэтгэлийнхээ гүндээ чи минь ямар сонирхол татам, сэтгэл булаам хүн гэдгээ мэдэж, ойлгож байх нь чиний цорын ганц үүрэг. (Бусад хүмүүс ч бас тийм гэдгийг мэдэж байх нь маш чухал. Гэхдээ энэ тухай өөр өдөр бичье.)

Өөрийнхөө үнэ цэнийг мэдэж байвал чи минь өөр нэгэн сонирхолтой бас бүхий л амьдарлаа чамаас уйдахгүй, дэргэд чинь өнгөрөөж чадах эрэгтэйтэй учирна.

Эрэгтэй хүнийг чи уйдаахгүй байлгах гэж хичээх албагүй. Угаас чи минь хамгийн сэтгэл татам увдистай нэгэн.

Чиний минь инээмсэглэлийг хараад харцаа салгаж чадахгүй ширтэж байвал аав нь түүний чинь зарим дутагдлуудыг тоохгүй өнгөрч чадна.

Хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй байх албагүй. Та хоёрын дундаас мэндлэх хүүхдүүдийг уйдаахгүй байлгаж, хамтдаа тоглож, гэр бүлтэйгээ байхыг хүсдэг байхад л болно.

Мөнгө их олдог байх албагүй. Сэтгэл зүрхэндээ чамайг нандигнаж, хайрлаж халамжилж, сэтгэл дүүрэн байлгавал асуудалгүй.

Хүчтэй, бяртай байх албагүй. Хэцүү үед хаяад явчхааргүй, чамайг түшээд, нөмөрлөөд зогсох сэтгэлийн тэнхээтэй байхад болно.

Өндөр, нам, тарган, туранхай нь хамаагүй. Чамайг минь байгаагаар нь хүлээн авч хүчээр өөрчлөхөөр шаардахгүй нэгэн байх хэрэгтэй.

Шашин шүтлэг, улс төрийн үзэл нь бидэнтэй зөрчилдөж болно. Гэвч хамгийн үнэ цэнтэй зүйлээрээ эргэлзээгүй чамайг нэрлэж чадаж л байвал аав нь дуугүй өнгөрч чадна.

Бидний гэр бүл, тэдний гэр бүлтэй таарч тохирохгүй байлаа ч гэсэн, чи минь дэргэд нь сэтгэл хангалуун байдаг бол тэр л хамгийн чухал нь юм шүү.

Эцэст нь хэлэхэд өөрийн залуугийнхаа сэтгэлийг татаж, уйдаахгүй байлгахын тулд чи өөр хэн нэгэн болохоор хүчлэлгүй, өөрөөрөө л байх хэрэгтэй. Мэдээж зарим зүйлд буулт хийх нь чухал.

Чамайг хэзээд хайрласаар байх нь баталгаатай цор ганц эр хүн болох

Аав нь."

This site is protected by wp-copyrightpro.com