Амьдралын гэрэл гэгээ бөгөөд таны үргэлжлэл болсон үр хүүхэд тань хожмын өдөр аав, ээжийгээ хэрхэн дурсаж, ямар үйлдлүүдийг нь санаж явах вэ?

Сэтгэл зүйч, гэр бүл судлаач энэ тухай 5 зөвлөгөөг өгч байна.

1. Тэдэнд аюулгүй мэдрэмж төрүүлсэн үеүүд (эсвэл аюултай санагдуулсан үеүүд)

Хүүхэд бүрт айсан үедээ хамгаалуулах хүсэл бий. Хүүхэд тань харанхуйгаас айж уйлахад нь аргадсан өдрүүд, цочиход нь тэвэрсэн тэврэлтүүдийг дурсах болно. Мөн та уурлаж бухимдан тэднийг айлгаж байсан үеүүдийг ч санаж явна. Мэдээж амьдрал учраас хүүхдүүддээ уур бухимдалтай харагдаж болох ч гэлээ, тэднийгээ таньтай хамт байхад аюулгүй, хамгаалагдсан мэдрэмж төрүүлэх нь таны үүрэг шүү дээ.

2. Тэдэнд анхаарлаа бүрэн хандуулсан үеүүд

Хүүхэд ихэвчлэн хайрыг бидний тэдэнд хандуулж буй анхаарал, халамжаар хэмждэг. Хийж байгаа зүйл, ажлаа түр хойш нь тавьж хүүхэдтэйгээ бөмбөг тоглосон, дугуй унасан, цагийг хамт өнгөрөөсөн мөчүүд хүүхдийн тань зүрх, сэтгэлд хадагдсан дурсамжийг үлдээх болно. Эцэс сүүлд нь энэ мөчүүд хамгийн үнэтэй дурсамж болдог.

3. Гэр бүлийн хүнтэйгээ харилцах байдал

Хүүхдийн хайрыг үзэх үзлийн маш том хэсгийг аав ээжийн нэгэндээ хандах хандлага бүрдүүлдэг.  Тэднийг хожмын нэг өдөр гэр бүл зохиохоор тэмүүлэхэд түлхэц болохуйц гэрлэлтийг бий болгож хадгалахын төлөө мэрийгээрэй. Аав, ээж нь нэг нэгнээ хайрлан, халамжлахыг үлгэрлэснээр хүүхэд ч мөн гэр бүлээ нандигнахад суралцах болно.

4. Таны магтаал, шүүмжлэл

Хүүхдийн сэтгэл гэдэг нойтон цементтэй адил бөгөөд бага насанд нь үзэж туулсан бүхэн ул мөрөө үлдээж цагийн эрхээр бэхжиж байдаг. Шилжилтийн насанд нь таны хэлсэн үгс нь тэдний бие даах чадвар, хувийн чадамж, өөрийгөө үнэлэх үнэлэмжид маш том нөлөөтэй. Сахилга баттай хүн болгож хүмүүжүүлэх нь эцэг, эхийн нэг үүрэг ч гэлээ түүндээ сонгон хэрэглэж буй үг, үйлдэл тань хайр, урамшуулал, эерэг нөлөөллөөр дүүрэн байх хэрэгтэй.

5. Гэр бүлийн уламжлал

Хүүхэд хэдий аяндаа цаанаасаа хайрладаг ч гэлээ тэднийг урьдчилан таамагладаг байх шаардлагатай. Амралтын өдрөөр хамтдаа кино үзэх, салхинд гарах, тоглоом тоглох, баяр ёслолын болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр хийдэг байсан гэр бүлийн уламжлалт үйлдлүүдийг машид нандигнан дурсах болно. Таны хүүхэд ч мөн цаашид өөрийн хүүхэддээ өвлүүлж үлдээх гэр бүлийн уламжлал бий болгохын төлөө хичээгээрэй.

Гэр бүл бүрт аз жаргалыг хүсье.