Сүүлийн жилүүдэд Монголоос Японд оршин сууж байгаа монголчууд маань нэмэгдэж байгаа тул газар хөдөлсөн үед авах 12 арга хэмжээг бичин хүргэе.

Тэмдэглэлийг бэлдсэн: Sola Yoga

Бид нэгэнт Япон улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бол газар хөдлөлт, байгалийн гамшиг тохиолдоход бэлэн байж амь нас, гэр бүлээ хамгаалах ёстой болов уу.

Газар хөдлөх болон ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдоход бэлэн байж газар хөдөлсөн үед ТАЙВАН БАЙХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ. Мөн өөрсдийн амьдардаг болон ажилладаг газрынхаа ойрхон гамшгийн үед цуглах газар болон, түр хоргодох байраа урьдчилан судлаарай. Мөн пасспорт болон чухал бичиг баримтаа нэг цүнх саванд хийн авахад амар газар байрлуулаарай. Мөн оршин суугаа газрынхаа засаг захиргаанаас гаргасан албан ёсны мэдээлэл зааварчилгааны дагуу биеэ аюулаас хамгаалаарай.

1. ГАЗАР ХӨДӨЛСӨН ҮЕД ХИЙХ 6 ЗҮЙЛ

1-1 Сандрахгүй тайван байх.
Гэнэтийн явдлын үед бид эргэн тойрны хүмүүсийн нөлөөнөөс болон мэдээ мэдээлэлээс болж сандарч буруу зөрүү үйлдэл хийж, шийдвэр гаргадаг. Тиймээс аль болох тайван байх хэрэгтэй.
1-2 Зугтаах газар хол байгаа үед газар хөдөлсөөр байвал яаран гарч гүйх хэрэггүй ба барилга доторх бат бөх бүтэцтэй хэсэгт очин толгойгоо хамгаалах.
1-3 Далайн эрэг, гол орчмын газар явж таарвал аль болох хол бус аль болох өндөр, өндөрлөг газар бараадан зугтаагаарай. Хүний хөлийн хурд цунамигийн ирэх хурдыг гүйцэхгүй. Бат бөх барилга бус, өндөр уул дов бараадаарай. Далай, гол орчим явахдаа машинаар зугтах нь аюултай ба замын түгжрэл үүсэн машинтайгаа цунамид өртөх эрсдэлтэй.
1-4 Эргэн тойрны хүмүүсээ харан тайвширч болохгүй. Олон хүн дунд одоо зүгээр гэж бодогдох боловч цунами үнэхээр аюултай тул түрлэг татагдах хүртэл санаа амарч болохгүй аюулгүй газар руу зугтаах хэрэгтэй.
1-5 Зугтаах замаа бэлдэн газар хөдлөх үед хаалгаа онгойлгоно. Газар хөдлөлтийн явцад хаалга цонхны хүрээ эвдэрч онгойхгүй болох эрсдэл өндөр байдаг.
1-6 Газар хөдөлж байхад цахилгаан шатанд (лифт) суухгүй байх.

2. ГАЗАР ХӨДЛӨЛТ НАМЖСАНЫ ДАРАА ХИЙХ 6 ЗҮЙЛ

2-1 Гэрээсээ гарч зугтаах үедээ цахилгаан зохицуулагчаа буулгах. Газар хөдлөлтийн дараа хот суурин газарт гал түймэр их гардаг нь цахилгаан шугамнаас шалтгаалдаг.
2-2 Ванндаа ус гоожуулж хадгалах.
2-3 Хөргөгч сав байвал хоол хүнсээ нөөцлөн хийх.
2-4 Дэлгүүрээс ундны ус, хоол хүнс бэлдэн нөөцлөх.
2-5 Гэр бүлийнхээ аюулгүй байгаа эсэхийг шалгах. 171 дугаарт өөрийн аюулгүй байгаагаа мэдэгдэх үйлчилгээ байдаг.
2-6 Гэрээсээ хол байгаа бол байгаа газрынхаа ойрхон зочид буудал захиалах.
Байгалийн гамшиг ямар ч үед тохиолдох боломжтой тул болгоомжтой, мөн бэлтгэлтэй байгаарай.
Дээрхээс гадна гамшгийн үед ойр зуур хэрэглэх цүнх бэлдэж тавихад илүүдэхгүй. Өндөр настай хүн, нялх хүүхэдтэй байдаг бол тус бүр хэрэгтэй зүйлийг нь бэлдэх хэрэгтэй шүү.