Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолборт Газар

Хөвсгөл нуур нь Төв Азийн тал нутаг, Сибирийн тайгатай зэрэгцэн Монгол орны хойд хэсэгт байгалийн үзэсгэлэнт төрхийг хадгалан оршдог.
Нуурын эргээр нүүдэлчин овог аймгууд олон зууны турш мал сүргийн хамт уламжлалт ахуй амьдралын хэв маягийг хадгалан, өвсний шим, усны тунгалагийг бараадан амьдарсаар иржээ.

Хөвсгөл нуур орчмын нийт 838’000 га газрыг 1992 онд Байгалийн Цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. 2011 онд Үүр голын дээд хэсгийг тусгай хамгаалалтанд нэмж оруулснаар нийт талбайн хэмжээ 1’180’270 га болж өргөжсөн. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг чиглэсэн гадаадын болон дотоодын аялагчдын тоо нэмэгдэх нь гарцаагүй.

Хөвсгөл нуурын тухай мэдээлэл

Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн эртний бөгөөд үзэсгэлэнт нууруудын нэг. Олон мянган жилийн тэртээгээс нүүдэлчин овог аймгууд “Хөх Сувд”-ны үзэсгэлэнг бишрэн шүтсээр иржээ. Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөтэй, 260 орчим метр гүн, эргийн шугамын урт 414 км бөгөөд Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг бүрдүүлдэг. Нуураас зөвхөн Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуурт цутгадаг.

Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг. “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.

Хөвсгөл нуур нь хүйтний улирал эхлэхэд хөлдөж, олон сар мөсөн бүрхүүлтэй байх бөгөөд дээхэн үед нуурын мөсөн дээгүүр Хатгал тосгон ба ОХУ-ын хил орчмын суурин газруудын хооронд тээврийн хэрэгслээр бараа материал тээвэрлэж байсан. Эдгээр тээврийн хэрэгслүүд мөс цөмлөн живж нуурын усанд холилдож байсан тохиолдлууд цөөнгүй бий. Өнөө үед нуурыг бохирдохоос хамгаалах үүднээс мөсөн дээрх тээвэрлэлтийг бүрэн зогсоосон болно.

Уул нурууд, ой мод

Хөвсгөл нуур эгц цавчим өндөр уулс, ойгоор хүрээлэгдсэн. Мөнх цаст уул нурууд нуурын хойд талаар орших ба хамгийн өндөр Бүрэнхаан уул далайн төвшнөөс дээш 3491 метрийн өндөрт оршино. Нуурын баруун хойд хэсгээр орших Хорьдол Сарьдагийн нуруунд аргаль, янгир зэрэг нэн ховор амьтад амьдардаг бөгөөд 1997 онд дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Байгалийн цогцолборт газарт нуур бүхэлдээ, мөн Төв Азийн тал нутгаас Сибирийн тайгын өвсөрхөг ой руу шилждэг бүс багтдаг. Зуны улиралд уулын нугад ургасан өнгө өнгийн цэцэгс байгалийн үзэсгэлэнг улам нэмнэ. Ойролцоогоор 800 орчим төрөл зүйлийн мод, бутлаг урагамал нуурын ай савд ургадгаас 80 орчим нь уламжлалт эмчилгээнд, 10 орчим нь хүнсэнд хэрэглэгддэг.

Байгалийн цогцолбор газарт хэрхэн очих вэ?

ОНГОЦООР:
Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот руу нисэх шууд нислэг Хөвсгөл нуурт хамгийн хурдан, хялбар очих боломжийг олгодог. Мөрөн хот болон Хатгал тосгоныг холбосон хатуу хучилттай замаар 110 км явж хүрнэ.

МАШИНААР:
Улаанбаатараас Хөвсгөл орж болох 3 төрлийн маршрутыг CarDoctor сэтгүүлийн бэлдсэнээр хүргэж байна. Замд үзэх сонирхолтой газрууд, амрах байршлууд, аянд шаардлагатай зүйлс, ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОХ ЗАМЫН ЗАРДАЛ зэргийг багтаан бэлдлээ.

Хөвсгөл нуурын БЦГ-т хэрхэн аялж, амрах вэ?

Байгалийн сайхныг тольдох бас судлах

БЦГ-т ямар хугацаагаар аялахаас үл хамааран танд үзэсгэлэнт байгалийг харах, түүнийг судлахад үүд хаалга нээлттэй. Хатгал, Ханх сумдад байрлах аялагчдын мэдээллийн төвөөр зочилж БЦГ-ын нөөц баялгийн талаар суралцах, нуурын ойролцоох явган хүний замаар, хүрч болох онцгой газруудын талаар байгаль хамгаалагчдаас лавлаж мэдэж авах бүрэн боломжтой.

Майхантай аялал

БЦГ-ын гоо сайхныг мэдрэх хамгийн түгээмэл аяллын хэлбэр бол майхантай аялал бөгөөд энэ нь ойрын жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Та майхантай аялахаар шийдсэн бол Жанхайн давааны зам дагуух отог, мөн хойд талын засаагүй зам дагуух отогт баярлах ёстой. Зориулалтын отог дээр л ил гал түлэхийг зөвшөөрдөг. Онгон байгальд аялж буй аялагчид хог хаягдлаа зөвшөөрсөн цэгт хаяна.

Явган аялал

БЦГ нь туршлагатай болон анх удаа аялж буй аялагчдад олон гайхамшигтай аяллын боломжуудыг олгодог. Одоогоор тэмдэг, тэмдэглэгээтэй замууд цөөн байдаг ба тэмдэглэгээгүй замаар аялах нь төөрөх аюулд учруулж болзошгүй. Тиймээс хөтөчтэй явахыг зөвлөж байна. Хэрэв хөтөчгүй аялахаар төлөвлөж буй бол байгаль хамгаалагч болон тур операторуудаас замын чиглэл, гол горхины гарамын талаарх мэдээллийг авах хэрэгтэй. Хол аялагчид нь онгон байгальд аялах туршлагатай, өөрсдөө шийдвэр гаргах, эрсдэл даах чадвартай байх ёстой. Гар утасны сүлжээ, аврах багийн тусламж авах боломжууд хязгаарлагдмал.

Морин аялал

БЦГ-ын аливаа нэг хэсэгт хөтөчтэй морин аяллаар урт болон богино хугацаагаар аялах бүрэн боломжтой. Гэр баазуудын менежерүүд, аялалын компани болон байгаль хамгаалагч нар тухайн аялагчийн сонирхолд нийцсэн морин аялал зохион байгуулах, мэдээлэл өгөх үүрэгтэй. Морин аяллын хөтчийн зүгээс аюулгүй байдлыг хангасан зааварчилгааг өгч аяллыг удирдан явуулна.

Дугуйн аялал

Хөвсгөл нуурыг тойрох дугуйн аялал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хатгал болон Ханхад унадаг дугуй түрээслэх боломжтой. Адал явдалд дуртай аялагчдын хувьд БЦГ-ын гүнд, замгүй газраар олон өдрөөр аялахад өөрсдөө дугуйгаа авчрах буюу түрээслэх боломжтой. Энэ тохиолдолд аюулгүй байдлыг хангаж хөтөч эсвэл БЦГ-ын талаар сайн мэдлэгтэй хэн нэгэнтэй аялахыг зөвлөе.

Завьтай аялал

Хөвсгөл нуурын урд хэсэгт ирсэн аялагчдын ихэнх нь завиар аялах дуртай байдаг. Ихэнх аялагчид Сүхбаатар онгоцонд сууж 60-90 минутын хугацаанд үзэсгэлэнт газруудыг үзэх аялалд хамрагддаг. ОХУ-д үйлдвэрлдэгдсэн Сүхбаатар хөлөг онгоц нь зуны улиралд өдөрт хэд хэдэн удаа Хатгал тосгоны ойролцоох Доод Модот Булан боомтоос хөдөлдөг. Төрөл бүрийн жижиг заввь Хатгал тосгоны хойд талаас Хүзүүвчийн зам дагуу дээрхтэй ижил аяллыг явуулах ба ихэнх нь усан онгоцны зогсоолын ойролцоо байрладаг. Байгалийн үзэсгэлэнг тольдох, эсвэл загасчлах зорилгоор жижиг завийг Ханх сумаас түрээслэх боломжтой. Хатгал, Ханх мөн нуур орчмын зарим баазууд каяак завиар үйлчилдэг. Каяак завь түрээсэлж буй аялагчид аюулгүй зааварчилгааг сайтар дагана. Түүнчлэн цаг агаарыг сайтар ажиглах, салхигүй тогтуун байсан ч гэнэт давалгаалж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

Загасчлал

Хөвсгөлийн БЦГ-т спорт загасчлалыг зөвшөөрдөг. Загасчлах зөвшөөрлийг Хатгал, Ханхын ЗДТГ-аас авах ба ямар төрлийн загасыг хэр хэмжээгээр агнах талаарх мэдээллийг давхар авна. Загасчид загасны тоо толгойг тогтвортой байлгахад анхаарч загасаа бариад эргүүлж тавих ёстой.

Хөвсгөл нуур үүссэн тухай домог

Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Эл хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.

Диваажингийн хөндийд хар муу санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч эр диваажингийн хөндийн зон олон амар амгалан, эв найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу үгээр хов жив түгээж саахалт айл, садан төрлийн дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн зон олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан дэгдэж аллага, таллага, дээрэмдлэг үүссэн ажээ.

Энэ бүхнийг мөнх тэнгэр харж харамсан цөхөрч хүн ардад эвтэй найртай байхыг сануулсаар байсан авч хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа жөтөө туйлдаа хүрч хүн ард тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх тэнгэр хүлцэн тэвчиж байсан авч удаан тэвчихийн аргагүй болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нураан газар дэлхийг хөрвүүлснээс диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав гарч газрын гүнээс буцламхай ус оргилон хөндий усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ч өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ. Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрт хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөж гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүсийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламхай ус хөрч цэнгэг нуур тогтжээ. Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас “Мандал” уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь “Далайн хүй”, “Модон хүй” хэмээн нэрлэх болсон ажээ.

Хөвсгөл далай болсон домог

Монгол улс Манж Чин улсын эрхшээлд байх үед байгаль нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч Монголын ард түмэн ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ. Манж-Хятадын шинжээчид Хөвсгөл нуурын талаар нилээд судалчихсан байсан болохоор 100 гол цутгадаггүйг мэдэх ажээ. Тэгээд нууранд цутгах гол горхийг тоолох өдөр товложээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг хэсэгт тоолоход л 100 давсан тул явж тоолох аргагүй болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.