Япон улсад суралцах, ажиллах, удаан хугацаанд амьдрах зорилготой байгаа бол утасны хэрэглээг хэрхэн хямд байлгах тухай хувь хүний зөвлөгөөг санал болгож байна.

Тэмдэглэлийг бэлдсэн: Sola Yoga

Японд Docomo, Au, Softbank хэмээх 3 том үүрэн телефоны оператор компани байдаг ба утсаа лизингээр авах боломжтой.
Энэ 3 оператор ихэнхдээ 2 жилийн буюу 24 сарын гэрээ хийдэг.
Нэг ёсондоо энэ 3 операторуудаас утас авч байгаа нь өрөнд орж байна гэсэн үг.
Үйлчлүүлэгчээ татахын тулд ихэнх нь анх авахдаа төлбөргүй гэж зарладаг ба үлдсэн 23 сард нь санхүүгийн сайхан дарамт болдог.
Утасны өөрийн үндсэн үнээ 24 сарын турш төлөх ба түүн дээр нь ярих, богино зурвас илгээх, интернетийн багц, яасан ийсэн даатгал гэсээр сарын төлбөр дор хаяж 10,000 иэн ( 1 иэн одоогоор 22,50₮-тэй тэнцэнэ) гардаг.
Хэрвээ 2 жилээ хүргэхгүй гэрээгээ цуцлах бол гэрээ зөрчсөний төлбөр гэж нэхэгдэнэ. Мөн дээрээс нь утасныхаа үлдэгдэл мөнгөө нэг дор төлөх шаардлагатай болдог.
Энэ мэтчилэн би 14 жил Японд амьдрахдаа 8 жил нь шаал дэмий зүйлд мөнгөө үрж байсан байгаа юм. Одоо эргээд харахад хоцрогдсон хэдэн ухаалаг утас. Хаях хэцүү хэрэглэх хэцүү.
8 жилд 96 сар.
Дундаж утасны төлбөр маань тухайн үед сард 12,000 иэн буюу одоогийн ханшаар 270,000₮.
96 сарын нийт утасны төлбөр ойролцоогоор 1,152,000 иэн буюу 25,920,000₮. Бурхан гончиг сум мину зээ.
Цагтаа хазсан алимны шинэ загварыг гарах тоолонд л барьдаг байлаа. Гэсэн хэдий ч шинэ загварыг хөөх тусам надад бодит үлдэж байгаа хөрөнгө оруулалт байж чадаагүйг би ойлгож эхэлсэн юм.
Үнэтэй утас барьснаар би ухаалаг болоогүй, хөөрхөн болоогүй, сайн хүн болоогүй, баян ч болоогүй. Эсрэгээрээ хэн ч намайг iphone, galaxy бариагүй гээд зайгаа барьж ялгаварласангүй.
3 жилийн өмнөөс энэ хий дэмий зардлаа хэрхэн хэмнэж болохоо судалж эхлэн бодит гарцаа олж чадсан юм.
Юу вэ гэхээр 1-рт үнэтэй брэндийн утас сонирхохоо больсон. Яг одоогоор Moto g4 гэдэг утас барьж байгаа. Үнэ нь 25,000 иэн ба өмнө нь барьж байсан iphone-с 5 дахин, samsung galaxy-гаас 4 дахин хямд юм.
Үнийн хувьд хэдий хямд ч өмнө нь хэрэглэж байсан утаснаас үйлдэл нь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад ямар ч асуудал гарсангүй.
Яс юман дээрээ бид утсаа үйлдэл багтаамжийг нь чухалчилж авдаг ч тэр хүчин чадлыг нь тултал хэзээ ч ашигладаггүй. Ихэнх дундаж хэрэглэгч нар зураг авах, интернет орох, бичлэг үзэх, дуу сонсох, сэрүүлэг болгож ашиглахаас хэтэрдэггүй. Барьсан ч алзахгүй ккк
Тиймээс би арай хямд утасыг лизингээр биш бэлнээр авсан.
Нэтээс 格安スマホ гээд хайвал зурайтал гараад ирнэ.
2-рт утасны ашиглах шугамаа хямд оператор сонгохоор судалсан.
Японы хямд операторууд гэвэл Rakuten mobile (би хэрэглэдэг), UQ mobile, Big globe, Yahoo mobile гээд байгаа. Өөр хэд хэд байгаа.
Энэ операторууд хэрхэн өртгөө багаар барьж байдаг арга нь их гоё.
Өнөөх том Docomo, Au, Softbank гэсэн 3 том операторуудаас антены цацрагийг нь худалдаж авч хэрэглэгчидэд хүргэдэг юм гэнэлээ.
Тиймээс антены чанарын хувьд асуудалгүй.
Одоогоор бичигчийн хувьд сар бүр 5,000 иэн (112,500₮) хүрэхгүй утасны төлбөр гардаг ба өмнөхтэйгөө харьцуулахад 7,000 иэн (157,500₮) хэмнэж чадаж байна.
Жилд 84,000 иэн буюу 1,890,000₮ хэмнэж чадаж байгаа юм.
Дашрамд Японд цагийн ажлын ихэнх нь 1,000 (22,500₮) иэний хөлстэй байдаг.
Хэрвээ би эртнээс энэ аргыг мэддэг байсан бол 8 жилийн туршид 15 сая ₮ хэмнэх боломжтой байжээ.
Угаасаа тэгээд үнэтэй ухаалаг утас хэзээ ч эдэлгээгүй байдаг ба хэрэглэгчдэд чанартай утас хүргэвэл шинэ гарсан утас нь борлогдохгүй тул үсрээд л 2 жил ажиллахаар үйлдвэрлэдэг аж.
Та нар маань ухаалаг утсанд ашиглуулах бус, ухаалаг утсаа зөв ашиглаж сураарай.
Хэмнэсэн мөнгөөрөө өөртөө харин бодит хөрөнгө оруулалтаа хийгээрэй 🙂
Хэрвээ энэхүү постыг Японоос өөр газар байдаг хүн уншиж байвал өөрийнхөө сар бүрийн зардлаа хянаад нэг үзээрэй. Хэрэггүй зардал байвал шууд таслан зогсогтун.