Нэг тосгонд худалдаачин иржээ. Тэр “10 доллараар сармагчин авна” гэдэг зар түгээлээ. Хажуугийн ой сармагчингаар дүүрэн тул нутгийн иргэд хөөр баяр болов. Тарианы ажлаа хөсөр орхиод, сармагчин барьж эхлэв гэнэ.

Наймаачин эр 1000-ыг худалдаж авсны дараа ойд сармагчин цөөрч, барихад тун хэцүү болчихов. Нөхцөл байдлыг харгалзан үзсэн худалдаачин сармагчин тус бүрийг 20 доллараар авах зар түгээлээ. Үнэ өссөн тул, тариачдын шинэ ажил эрчимжив. Нам гүм тосгоныхон хөл хөдөлгөөнтэй, ярих шуугих сонин ихтэй, баяр хөөртэй байх болж, амьдрал гэнэт өөрчлөгдөв өө.

Гэвч нэн удалгүй, тосгонд хүнсний хомсдол үүссэн тул хүмүүс арга буюу шинэ ажлаа орхин, тариан талбай руугаа буцацгаав. Тиймээс худалдаачин сармагчингийн үнээ 50 доллар болтол өсгөхөөс өөр аргагүй болж дээ.
Яг тэр үеэр худалдаачинд хот руу явах ажил гарсан тул туслахаа үлдээгээд, яаравчлан одов. Эзгүй хойгуур нь мөнөөх туслах тосгоныхныг цуглуулаад, мянга мянган сармагчин бүхий торон хашаагаа зааж “Танай нутагт сармагчин ховордсон. Тиймээс үнэ улам өсөх нь! Та бүхэн энэ сармагчингуудыг надаас 35-хан доллараар авчих. Худалдаачин эзэн маань эргэж ирээд нэг бүрийг нь 50 доллараар шууд авна! Харин намайг ийм санал тавьсан гэж битгий хэлээрэй!” гэж аминчлан гуйлаа.

Тосгоныхон тооцож үзээд, ашигтай хэлцэл болохыг ухаарч, хүн бүр уралдан, хурааж хуримтлуулсан бүх хөрөнгөө доллар болгоод, дээр нь нэмж өр шир тавиад, бүх сармагчинг 700 тэрбум доллараар худалдан авчээ.
Маргаашаас нь тэд мөнөөх худалдаачныг ч, туслахыг нь ч харсангүй. Ахиж хэзээ ч олж хараагүй юм гэдэг.
Нэгэн орос зохиолчийн нүүр номоос олж үзсэн энэ үлгэр өнөөгийн монголчуудын тухай л юм шиг санагдчихлаа.
Хэдий баян тарган биш боловч, эгэл амьдралтай байсан тосгоныхон… Гэнэтхэн, иргэн бүр дааж давшгүй өртэй, халаас нь хов хоосон, дийлдэшгүй их уур бухимдал, хараал зүхэлтэй л үлдэв. (Яг бидний өнөөдрийн дүр төрх)

Тариачдын тэнэглэлийн хариу зөвхөн мөнгөн алдагдал биш л дээ. Тосгон даяар, өлсгөлөн сармагчин гүйлдэж, эвдэж сүйтгэн, бүр ч гамшиг нүүрлэх нь тодорхой. (Газрын баялгаа зараад их мөнгө олох гэсэн биш байгал маань эвдэрч, сүйрээд зарим сум, нутаг бүр усгүйдлээ)

Үүнчлэн, эл үлгэрийн ёгтлолыг ухан бодвол бидний өнөөдрийн олон асуудал санагдана.
Улаанбаатарын УТАА жишээлбэл ХУДАЛДАА НАЙМААНЫ л асуудал шиг “болчихож”. Арваад жил л ЗУУХ зарлаа, авлаа. Утаа улам ихсээд л! Зарах, эс зарах тухай наймаа арилжааны маягийн үгс л сонсогдохоос, утаа хэрхэн зайлуулах, шинжлэх ухаанч, горьдлого төрүүлсэн яриа бараг сонсогдохгүй юм.

“АСУУДАЛ бүхэн АШИГ ХОНЖОО” гэж хардаг хүмүүс л бидэнд САРМАГЧИН зараад байна уу даа?

Эх сурвалж. Л.Өлзийтөгсийн бичвэр