Миний амьдралын санах ой болсон хоёр бор дэвтэр байдаг юм. Нэг нь сүүлийн 5 жил хөтөлж буй өдрийн тэмдэглэл, нөгөө нь 2017 оны төлөвлөгөөний дэвтэр минь юм л даа. Ойрын хоёр, гурван сар шахуу хоёр дэвтэртээ салхи оруулаагүйн хар гайгаар өнгөрсөн сарууд зүгээр л “бужигнаад” өнгөрчихөж. Өдөр тутмын “To-do-list”-дээ дарагдаад хэтэрхий завгүй хэрнээ, урт хугацаандаа ямар ч үр өгөөжгүй ажлуудыг хийгээд яваад байж.

Өнгөрсөн хугацаанд бичиж тэмдэглээгүй зүйлс толгойн дотор сул орхигдож, хэзээ надад анхаарал хандуулах бол гэсэн шиг тээр тэр толгойн мухарт чимээгүйхэн байж байсан байгаам даа. The One Thing гээд номыг уншиж байхад урт хугацаандаа үр өгөөжгүй хэрнээ, гал унтраасан өдөр тутмын жижиг сажиг ажлууд “Намайг хийгээч, намайг хийгээч!!” гэсэн янзтай үргэлж чангаар орилж байдаг бол бидний амьдралын хамгийн том зорилгууд чимээгүйхэн ээлжээ хүлээж байдаг.

Тиймээс өдөрт тутам бичиж, төлөвлөж, хийж, хийснээ эргэн дүгнэх нь ТОМ ЗОРИЛГО-доо хүрэх хамгийн зөв зам гэж боддог. Мянга том сэтгээд, том мөрөөдлөө ч түүнийхээ төлөө ҮЙЛДЭЛ хийхгүй бол тэр чинь зүүднээс ялгаагүй хий хоосон зүйл болж хувирна. Харин зорилгынхоо төлөө хийх хамгийн эхний бөгөөд чухал алхам нь ЦААСАН ДЭЭР БИЧИХ гэдэг юм билээ.

Нээрээ хараад байхад өнгөрсөн хугацаанд бичиж төлөвлөсөн зүйлсээс хамгийн багаар бодоход 50 хувь, зарим нь бүр 100 хувийн биелэлттэй байсан. Хэрэв би илүү нарийн төлөвлөж, арай илүү өөрийгөө дайчилж чадсан бол төлөвлөж бичсэн бүх зүйл маань биелэх нь эргэлзээгүй гэдгийг ойлгосон.

За ингээд хүмүүст хэрэг болж магадгүй гэж бодоод дараах зөвлөгөөг хуваалцаж байна.

“Think globally, act locally”

Олон зүйлд сатаарах хэрэггүй. Таны өнөөдрийн хамгийн чухал зорилго нь ГАНЦХАН ажлыг амжуулахад чиглэгдэх ёстой. Жишээ татъя л даа,

Та ойрын 6 сарын дотор IELTS-ийн шалгалт өгч, 7 оноо авахаар зорьж байгаа гэж бодъё. (Ер нь бол 1 жилээс дээш хугацааны зорилго биш бол дунд хугацааны зорилтдоо орно) Яахав энэ тохиолдолд IELTS-ийн оноо авах нь таны хамгийн чухал зорилго байлаа гэж төсөөлье.

6 сарын дараа гэхэд IELTS-ийн 7 оноотой болохын тулд миний 
хийж чадах ганц зүйл юу вэ?

Энэ асуултаас л бүх зүйл эхэлнэ дээ. Дараа нь үүнийг улам бүр нарийвчилна.

  • 6 сарын дараа гэхэд IELTS-ийн 7 оноотой болохын тулд ойрын гурван сард миний хийж чадах ганц зүйл юу вэ?
  • 6 сарын дараа гэхэд IELTS-ийн 7 оноотой болохын тулд ирэх нэг сард миний хийж чадах ганц зүйл юу вэ?
  • 6 сарын дараа гэхэд IELTS-ийн 7 оноотой болохын тулд энэ долоо хоногт миний хийж чадах ганц зүйл юу вэ?
  • 6 сарын дараа гэхэд IELTS-ийн 7 оноотой болохын тулд ӨНӨӨДӨРминий хийж чадах ганц зүйл юу вэ?

Юу гээч, том үр дүн хэзээ ч гэнэт ирдэггүй.

Чи өнөөдөр хийх ёстой НЭГ ЗҮЙЛ-ээ хийгээгүй бол хагас жилийн дараа хүссэн үр дүндээ хүрэхгүй. Өө яахав маргааш хийчих юм чинь гэж бодож байвал худлаа шүү. Нөгөөтэйгүүр ингээд жижиг хэсгүүдэд хуваагаад үзэх юм бол хүрэшгүй мэт санагдаж байсан зорилго чинь өдөр тутам чиний хийдэг, хийж чаддаг жижиг зүйлсийн НЭГДЭЛ гэдгийг ойлгох болно.

Нэг сонирхолтой жишээ татахад домогт тамирчин Майкл Фелпс багадаа “Анхаарал сарних эмгэг”-тэй гэж оношлогдож байж л дээ. Түүнийг багш нар нь жирийн хүүхдүүдтэй адил сурч боловсорч чадахгүй гэж хэлдэг байсан аж. Гэтэл 14,15 настай байхад нь нэг дасгалжуулагч Майкл Фелпсийг усанд сэлэхийг зөвлөж, өөр юунд ч сатааралгүй өдөр бүр сэлэлтийнхээ дасгалыг хийхэд л анхаар гэсэн байгаа юм. Майкл ямар ч чухал үйл явдал, баяр ёслол, том тэмцээн болсон дасгал сургуулилтаа тасалдаггүй бөгөөд бүтэн сайнд хүртэл өнждөггүй хийх ёстой юмаа хийдэг байсан нь өнөөгийн их амжилтынх нь нууц гэдэг юм билээ. Тэгэхээр чи юм юманд дөртэй хэрнээ юунд ч хангалттай сайн биш бол тэгээд дундаж нэгэн хэвээр дуусна. Харин ганцхан зүйлд л “төгс” сайн байхад ямар амжилтанд хүрч болдгийг Майкл Фелпсийн жишээнээс харж болно.

НЭГ ЗҮЙЛ гэдгийг харьцангуй утгаар нь ойлгоорой. Өөрөөр хэлбэл, чи амьдралынхаа хэсэг бүрт нэг чухал зорилготой байхыг хэлээд байгаа юм. IELTS-ийн оноо авах нь өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах тал дээр чиний хийх нэг зүйл бол хувийн амьдралдаа, карьертаа, эрүүл мэнддээ гэх мэтчилэн бусад зүйлд ч гэсэн өөр нэг зүйлийг зорилго болгон тавиарай.

Одоо харин хамгийн чухал зүйл буюу цаг хугацааны тухай ярья. Би хэдийдээ үүнийг амжуулах цагийг гаргах юм бэ? гэж та бодож байж магадгүй. Та үнэхээр л IELTS-ийн 7 оноо хүсч байгаа бол жижиг сажиг ажлаа хойш тавьж, хамгийн чухал зүйлдээ цаг гаргаж чаддаг байх ёстой.

6 сарын дараа гэхэд IELTS-ийн 7 оноотой болохын тулд ӨНӨӨДӨРминий хийж чадах ганц зүйл юу вэ? гэсэн асуултанд “Нэг эссэ бичиж, нэг бүтэн тест ажиллах” гэж хариулжээ гэж бодъё. Энэ тохиолдолд дээрх даалгаврыг гүйцэтгэж дуусталаа бусад ажлаа түр орхи, бүр бодоод ч хэрэггүй. Нэг эссэ бичиж, нэг бүтэн тест ажиллаж дуусах хүртэл бусад бүх зүйлийг СААД БОЛОХ ХҮЧИН ЗҮЙЛ гэж харах хэрэгтэй. Дэлхий сөнөсөн байсан ч танд падлийгүй 😉

Тэгээд хамгийн багаар бодоход өдөрт 4 ЦАГИЙГ тэр чухал ажлаа амжуулахад зарцуулаарай. Ингэж байж л хүссэн үр дүндээ хүрнэ. Өглөө эрт босно уу, телевиз үзэж, фэйсбүүк ухдаг цагаа багасгана уу бүр эсвэл шөнө орой сууна уу ер нь ямар байх нь хамаагүй. Яадаг ч байсан, ямар ч завгүй байсан яаж ийгээд 4 цагийг илүү гаргаж, зорилгодоо зориул.

За тэгээд хамгийн сүүлд нь Productivity буюу үр бүтээлтэй байдал. Гараасаа ажил гаргаж, юмыг хийсэн шиг хийж сураарай.

Амжилт хүсье!

Энэхүү мэдээллийн эх сурвалж: Бүсгүйн хүүрнэл

Бичигчийн зөвшөөрөлтэйгөөр оруулсан болно.