Та амьдралдаа сэтгэл хангалуун бус байна уу? Мөнгө дутмаг, ажилдаа дургүй, тааламжгүй үерхэл харилцаатай байгаа юу? Фэйсбүүкээр бусад хүмүүстэй маргалдаж цагаа бардаг юм биш биз? Сэтгэл дундуур байсаар байтал амьдрал чинь дуусах болсныг гэнэт мэдвэл яах вэ?

Австралийн иргэн, 27 настай байсан Холли Батчер агсан нас барахынхаа өмнө бүх хүмүүст хандан амьдрал, түүний үнэ цэнийн тухай нэгэн зурвасыг бичиж үлдээсэн байна.

Түүний энэхүү зурвасыг одоогийн байдлаар 134'830 хүн түгээгээд байгаа юм.

Энэ бол зурвасын эзэн Холли Батчер.

Тэрээр зурвас бичсэнийхээ маргааш нь өөд болсон юм. Тэр дөнгөж 27 настай байлаа.

Ингээд түүний зурвасыг хүргэж байна.

Холын зүгээс өгөх амьдралын багахан зөвлөгөө:

26-хан насандаа үхлийг мэдэж, хүлээн зөвшөөрнө гэдэг хачин юм. Үүнийг бид зүгээр л тоодоггүй. Урсан өнгөрөх өдөр хоногууд дахиад л ээлжилнэ гэж боддог. Гэнэтийн зүйл тохиолдох хүртэл. Би өөрийгөө насны ханьтайгаа хамт бүтээсэн гэр бүлээсээ болж (маш олон хүүхдүүдтэй) өтөлж, үрчлээ сууж, үс бууралтсан байна гэж төсөөлдөг байлаа. Үүнийг үнэхээр их хүсэж байгаа болохоор хэцүү байна.

Энэ бол амьдрал. Хэврэг, нандин, таамаглашгүй бөгөөд өдөр бүхэн бол бэлэг.

Би одоо 27-той. Эндээс явмааргүй байна. Амьдралдаа хайртай. Аз жаргалтай байдаг.. Хайртай хүмүүс минь надад ийм жаргалыг өгсөн. Гэхдээ хяналт хэдийн миний гараас гарчээ.

Үхэл аймшигтай болохоор энэ “үхлийн өмнөх тэмдэглэл”-г бичсэнгүй. Гарцаагүй ирэх энэ зүйлийг бид ихэвчлэн тоодоггүй юм. Энэ тухай ярих гэхээр бидэнд хэзээ ч тохиолдохгүй “цээртэй” сэдэв мэт ханддаг. Энэ нь жаахан хэцүү байлаа. Хүмүүсийг зүгээр л амьдралын жижиг, утгагүй стресст санаа зовохоо болиод, бид бүгд ижил хувь тавилантай гэдгийг санаж, өөрт олдсон хугацааг үнэ цэнтэй, гайхалтай, утгагүй зүйл багатай өнгөрөөхийг хүсэж байна.

Өнгөрсөн хэдэн сард амьдралын тухай маш их бодсон болохоор өөрийн хэдэн бодлыг дор бичлээ. Мэдээж шөнө дунд болохоор толгойд олон янзын зүйл орж ирэх юм!

Утгагүй зүйлсийн тухай (өнгөрсөн саруудад анзаарсан зүйлс) гоншигонохын оронд үнэхээр асуудалтай тулгарсан байгаа хэн нэгний тухай бодоод үз. Таны асуудал ноцтой биш байгад баярлаж түүнийгээ даван гар. Зарим зүйл үнэхээр ядаргаатай байгааг хүлээн зөвшөөрч болох ч бусдад энэ тухайгаа нааж хүмүүсийн өдрийг сөрөг болгох хэрэггүй.

Тэгсэн үедээ гадаа гарч цэвэр агаарыг уушгиндаа дүүрэн амьсгалж аваад энэ тэнхэр ямар цэлмэг хөх, модод ямар ногоон болохыг харж ав. Энэ бүгд үнэхээр үзэсгэлэнтэй. Ингэж амьсгалж чадаж байгаагаараа хэчнээн азтай болохоо бодоод үз.

Өнөөдөр замын түгжрэлд гацаж эсвэл хөөрхөн хүүхдүүд чинь уйлаад олигтой унтуулаагүй эсвэл үсчин таны үсийг хэтэрхий богино болгоод тайрчихсан байж болно. Шинэхэн хиймэл хумс чинь халзарчихсан, хөх чинь хэтэрхий жижиг, та өгзгөндөө целлиодтой, гэдэс чинь унжиж байж болно.

Энэ бүх новшийг мартаж үз. Таны хорвоогоос явах ээлж ирэхэд ийм зүйлсийг огтоос бодохгүй гэдгийг амлаж байна. Амьдралыг бүхлээр нь харах юм бол эд нар ҮНЭХЭЭР өчүүхэн зүйлс шүү. Харсаар байтал бие маань дордож байхад юу ч хийж чадахгүй байдалтай, дахиад ганцхан удаа халуун ам бүлээрээ төрсөн өдөр, зул сарын баярыг тэмдэглэхийг хүсэж байна. Дахиад ганцхан удаа.

Ажил нь ямар хөгийн байгаа тухай, дасгал хийхэд ямар хэцүү байгаа тухай бусдын гомдоллохыг сонслоо. Бие чинь тэгж хөдөлж чадах чадамжтай байгаад таларх. Бие чинь алийг нь ч чадахгүй болох хүртэл ажил, дасгал хөдөлгөөн гэдэг энгийн л зүйл шиг санагдана.

Үнэндээ би эрүүл амьдрахыг гол зорилго болгон хичээсэн юм. Өөрийн эрүүл байдал, хүссэн шиг чинь хэмжээтэй биш ч байсан хөдөлж чадаж байгаа биеэ үнэлж хүндэл. Биеэ тордож, ямар гайхалтай болохыг нь ойлгож ав. Биеэ хөдөлгөж, эрүүл хүнсээр торд. Битгий гол.

Эрүүл байхад бие махбодиос гадна олон учир бий. Өөрийн оюун ухаан, сэтгэл санаа, дотоод ухамсрын аз жаргалаа олох гэж хичээ. Хэрэв тэгвэл олон нийтийн сүлжээгээр дүрслэгддэг төгс бие галбир гэгч хэр утгагүй, тэнэг зүйл болохыг ойлгоно. Энэ сэдэв рүү орсных фэйсбүүк дээр чинь байдаг утгагүй юм харуулж таны тухай таагүй зүйл мэдрүүлдэг бүх хаягийг устгаж орхи. Найз мөн ч бай биш бай хамаагүй. Өөрийн сайн сайхны төлөө ингэ.

Өвдөлтгүй өнгөрүүлж буй өдөр бүхэндээ таларх. Халуурч, нуруу өвдөж, шагай булгарч тавгүйтсэн өдрүүддээ ч таларх. Энэ бүхэн амь насанд халгүй бөгөөд удахгүй зүгээр болчих учир таларх.

Хүмүүсээ бага гоншигоно! Харин нэгэн нэгэндээ илүү тус хүргэ.

Өг, өг, өгөөд л бай. Өөртөө л анхаарахын оронд бусдад ч бас тусалбал та илүү их аз жаргалыг олж авна. Би илүү их ингэсэн ч болоосой. Өвдсөнөөсөө хойш гайхмаар тусч, сайхан сэтгэлтэй хүмүүстэй учирч, гэр бүл, найзууд, танихгүй хүмүүсээс хамгийн бодууштай, эрхэм сайхан үгийг сонсож тус хүртсэн хүн болсон. Миний хариулж чадахаас ч их тус. Үүнийг хэзээ ч мартахгүй бөгөөд эдгээр хүмүүст үүрд талархаж явах болно.

Үхэх гэж байхдаа үрэх мөнгөтэй байна гэдэг сонин юм. Гадуур гарч шинэ даашинз ч юм уу материаллаг юм авах үе яав ч биш. Бид шинэ хувцас, ямар нэг юм авахдаа мөнгө зарцуулж байгаагаа чухал гэж боддог нь үнэхээр тэнэг хэрэг.

Найздаа дахин нэг даашинз, гоо сайхны хэрэглэл, хуримын чимэг зүүлт өгөхийн оронд илүү сайхан зүйл бэлэглэ.

1. Та нэг хувцсаа дахин өмслөө гэхэд хэн ч түүнийг чинь тоохгүй.

2. Ингэх нь сайхан байдаг. Найзуудаа хоолонд даа, бүр гоё гэвэл өөрөө хоол хийж өг. Аягалж өгсөн кофег нь магт. Тэнэндээ амьд ургамал бэлэглэ, массаж хийж өг, лаа бэлэглэ. Энэ бүхнийг өгөхдөө тэр эрхэм хүмүүсээ хайрлаж явдгаа хэл.

Бусдын цагийг хүндэл. Би цаг барьж чаддаггүй нэрийдлээр бусдыг хүлээлгэхээ боль. Тийм бол арай эрт бэлдэж эхэл. Найзууд чинь таньтай хамт байх гэсэн тэр цагаа таныг хүлээж өнгөрүүлэх ёсгүй. Ингэвэл та бас хүндлэл хүртэх болно!

Гацуур маань хоосон харагдаж байсан ч гэсэн энэ жил манай гэрийнхэн бэлэг бэлдэхгүй байхаар шийдсэн. (Би Зул сарын өмнөх үдшийг баллах шахсан!) Хүмүүс бэлэг авах гэж дэлгүүр хэсэх дарамт мэдрэхийн оронд нэг нэгэндээ сайхан үгтэй мэндчилгээ бичсэн нь үнэхээр сайхан байсан. Дээрээс нь гэрийнхэн маань надад гэж бэлэг өгсөн ч гэлээ тэдэнд үлдэх юм худалдан авна гэж төсөөлөхөөр хачин байна. Яахав дээ л санагдаж болох ч гэлээ энэ мэндчилгээнүүд надад өөр юунаас ч илүүтэйгээр эрч хүч өгсөн. Таныг байдлыг мэдэхгүй ч, манайд бага насны хүүхэд байдаггүй болохоор бидэнд ийм зүйл хийхэд хялбар байсан. Ерөнхий санаа нь бол үнэ цэнтэй зул сар тэмдэглэхийн тулд заавал бэлэг бэлдээд байх шаардлагагүй.

Өөрийн мөнгөө туршлага, дурсамжинд зарцуул. Эсвэл ядаж материаллаг хог новшинд хамаг мөнгөө зарчхаад гоё сайхан зүйлээс хоцрохоос зайлсхий.

Хойшлуулсаар л байсан тэр нэг өдрийн далайн аяллаа хэрэгжүүлэхээр хичээ. Хөлөө усанд дүрж, эргийн элсийг хуруугаараа мэдэр. Давстай усаар нүүрээ угаа.

Байгалаар хүрээлүүл.

Тухайн цаг мөчөө утасны дэлгэцээр харахын оронд өөрөө яг мэдэрч, таашаа. Амьдрал гэдэг дэлгэц ширтэж, төгс зураг авахын нэр биш. Хөгийн инээдтэй мөчүүдийг мэдэрч, хүмүүстэй бай! Бусдад харуулах гэж хичээхээ боль.

Санамсаргүй асуулт тавья. Нэг шөнө зугаалахын тулд, эсвэл өдөр бүр гарахынхаа өмнө үсээ янзалж, нүүр будалт хийхдээ өчнөөн цаг зарцуулах хэрэг үнэхээр байна уу? Эмэгтэйчүүдийг энэ тал дээр ерөөсөө ойлгоогүй 🤔.

Хааяа эрт босож мандах нарны үзэсгэлэнт гэрлийг харангаа шувуудын жиргээг сонсоорой. 

Хөгжим сонс. Үнэн сэтгэлээсээ сонс. Хөгжим бол сэтгэлийн эмчилгээ. Хуучных тусмаа сайн.

Нохойгоо тэвэр. Сайхан шүү. Энэ бүхнийг санана даа.

Найзуудтайгаа ярилц. Утсаа ширтэхээ боль. Тэд чинь сайн явж байгаа болов уу?

Хүсэж байвал аял. Үгүй бол хэрэггүй. 

Амьдрахын тулд ажилла. Ажиллах гэж амьдарч болохгүй.

Сэтгэл зүрхийг чинь жаргалтай болгодог тэр зүйлээ л хий.

Бялуугаа идчих. Битгий харамс.

Үнэхээр хийхийг хүсэхгүй байгаа зүйлсдээ үгүй гэж хэл.

Сайхан амьдралын тухай бусдын үзэл бодол нийцүүлж амьдрах гэж өөрийгөө шахах хэрэггүй. Та эгэл жирийн амьдрахыг хүсэж болно. Тэр ч бас зүгээр.

Өөрт байгаа бүх зүйлээрээ тэднийгээ хайрладаг гэдгээ боломж олдох бүрт хайртай хүмүүстээ хэл.

Бас ямар нэг зүйл таныг сул дорой мэт мэдрүүлж байгаа бол та энэ бүхнийг өөрчлөх хүч чадал байгаа. Ажил, хайр сэтгэл, аль ч зүйлд та чадна. Өөрчлөлт хийх зоригтой бай. Энэ дэлхий дээр амьдрах хэр хугацаа үлдсэнээ мэдэхгүй учраас сөрөг мэдрэмжтэйгээр цагаа өнгөрүүлж болохгүй. Энэ тухай байнга ярьдаг ч гэсэн энэ бүхэн хамгийн үнэн үг юм шүү. 

Гэхдээ энэ бол зүгээр л нэг залуу бүсгүйн зөвлөгөө. Хүлээн авч эсвэл тоохгүй орхисон ч болно. Надад хамаагүй!

Өө нээрээ сүүлийн ганц зүйл хэлье. Боломжтой бол хүн төрөлхтөнд сайн үйл хийж цусаа хандивлаж бай. Таньд сайхан санагдахаас гадна хүмүүсийн амийг аварна. Таны хандив бүр 3 хүний амийг аварч болох ч бид энэ тухай тоодоггүй! Энэ бол хүн бүрийн үзүүлж чадах асар том нөлөө юм шүү.

Цусны хандив намайг дахин нэг жил амьд байлгасан Гэр бүл, найз нөхөд, нохойтойгоо хамт өнгөрүүлж чадсандаа үүрд талархаж явах нэг жил. Амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг өнгөрүүлсэн нэг жил.

..’Дахин уулзатлаа баяртай.

Хол.

Хохо.

Амьдралын тухай энэхүү зурвас таны сэтгэлд хүрсэн бол өөрийн гэр бүл, найз нөхөддөө түгээж харуулаарай.