Сүүлийн үед гэмт хэрэг, дээрэм гээд муу муухай зүйлс олшироод байгаа билээ. Энэ зүйлсээс биеэ хамгаалах цөөн хэдэн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

Түлхүүрээ бие хамгаалах зэвсэг болгон ашиглах

Хэн нэгэн аюултай хүн таныг ганцаараа байхад дайрвал та яах вэ? Шөнө оройн цагаар ч юм уу, ганцаараа явж байх үед сэрэмж болгоомж хэзээд илүүдэхгүй. Зарим хүмүүс нулимс асгаруулагч, бичил цахилгаан бороохой гэх мэт зүйлс авч явдаг, харин тийм зүйлс байхгүй бол та түлхүүрээ ашиглаж болох юм.

Хурууныхаа завсараа гарган барих нь таны гарыг гэмтээх аюултай учир дараах зурган дээр заасны адил хутга барьж буй мэт ашиглаж болох юм.

Таксинд суутал жолооч нь нэг л жигтэй хараад байна уу?

Таксинд суухын өмнө заавал дугаарыг нь цээжилж байгаарай. Хэрвээ таксины жолооч сэжигтэй санагдвал нэн даруй ойр дотны хэн нэгэн рүүгээ залгаж мэдэгдэх, аль эсвэл залгаж ярьж буй мэт дүр эсгээрэй. Ярьж байх зуураа таксины дугаарыг дурдаарай. (Би одоо очиж байна, **** гэсэн таксинд суучихсан байна тосоод аваарай гэх мэт)

Хачигнаас болгоомжил

Дулаан цаг ирж байгаатай холбогдуулан уул хаданд авирах, зуслангийн байшингаа эргэх гэх мэт үедээ хачигнаас болгоомжлоорой.

Хачиг нь хурц хатгуураараа хүний арьсыг хатгаж шархлуулах бөгөөд шүлс нь шархан дотор нь царцаж хатуулаг гүвдрүүг үүсгэдэг байна. Тиймээс арьсанд шигдэн орсон хачгийг гаргаж авахад хэцүү байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд ч хүрэх аюултай!

Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Ма­найхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсэх боломжтой. Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй. Харин дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Хүн бүрийн анзаардаггүй шатаар бууж байхдаа анхаарах зүйл

Шатаар өгсөж эсвэл бууж байхдаа хэзээ ч битгий гараа халаасандаа хийж байгаарай. Тохиолдлоор та бүдэрч унавал гар тань амжиж газар тулаагүйн улмаас толгойгоо хүндээр гэмтээх, гараа хугалах аюултай.