Нэг охин аавдаа гомдоллож байна. “Амьдрал үнэхээр амаргүй юм, арай гэж нэг асуудлаа шийдтэл дахиад л нэг бэрхшээл араас нь гараад ирнэ. Эцэс төгсгөлгүй асуудлаас залхаж байна” гээд л.

 

Охины аав тогооч аж. Тэр охиноо гал тогоо руу дагуулан ороод гурван саванд ус хийгээд бүгдийг нь гал дээр тавив. Ус буцлаад ирмэгц эхний саванд нь төмс, хоёр дахь саванд өндөг, сүүлийнх рүү нь кофены үр хийгээд буцлахыг хүлээлээ. Энэ хооронд тэр охиндоо юу ч хэлсэнгүй. Харин охин аавынхаа юу хийгээд байгааг ойлгохгүй дотроо бухимдан сууж байлаа. Ингээд гал дээр чанасан зүйлс бүгд болсны дараа, тус тусад нь аягалав. Тэгээд “За охин минь, юу харж байна” гэж асуулаа. Охин “Төмс, өндөг, кофе” хэмээн уцаарлангуй хариулав. Эцэг нь түүнийг “Ойртоод хар, төмсөнд хүрээд үз” гэлээ. Охин төмсөнд гар хүрэхэд мэдээж зөөлөрчээ. Тэр бас чанасан өндгийг хагалж, хальснаас нь салгав. Эцэст нь, кофег ууж үзэхэд нүүрэнд нь инээмсэглэл тодорчээ. “Аав аа, та үүгээр юу хэлэх гэсэн юм бэ” хэмээн охин гайхав.

 

Эцэг нь түүнд сая нэг учрыг тайлбарлаж өгөв. “Охин минь, бид төмс, өндөг, кофег яг ижилхэн хэмжээтэй усанд, ижилхэн хугацаанд чанасан шүү дээ. Гэвч ингэж чанасны дараа тэд бүгдээрээ анхны байдлаасаа огт өөр болсон байгаа биз.  Төмс өмнө нь хатуу чанга байсан бол усанд буцлаад зөөлөн эмзэг болж. Харин өндөг эмзэг хэврэг байсан ч усанд чанаад хатуу биетэй болсон. Тэгвэл кофе устай нийлээд, огт өөр шингэн үүсгэжээ. Үүнтэй адил бэрхшээл зовлон үзэхийн цагт сөхөрч унаад, бууж өгөх нэгэн байхад улам хатуужин, өсч дэвждэг хүмүүс байдаг. Бас амьдралд тохиолдсон сорилт бэрхшээлийг амжилт ололтын үндэс болгодог хүмүүс ч бий. Чи тэдний аль нь вэ” хэмээн охиноосоо асуулаа.